МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан сонсогчдоос мэргэшсэн жолоочийн шалгалт авах, тухайн ангиллын автотээврийн хэрэгслийг жолоодож холбогдох ажил, үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохтой холбогдсон харилцааг зохицуулах, хяналт тавихад оршино.
1.2. Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгохтой холбогдсон харилцааг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх бөгөөд холбогдох тайлан, судалгааг улирал, хагас, бүтэн жилээр гаргаж автотээврийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийг мэдээллээр хангана.