Print book

МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 161/229  дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт


Site: ДАШИЙДЭЛЭГ АВТО СУОГУУЛЬ - ОНЛАЙН СУРГАЛТ
Course: ДАШИЙДЭЛЭГ АВТО СУОГУУЛЬ - ОНЛАЙН СУРГАЛТ
Book: МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ
Printed by:
Date: Thursday, 21 November 2024, 5:46 PM

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан сонсогчдоос мэргэшсэн жолоочийн шалгалт авах, тухайн ангиллын автотээврийн хэрэгслийг жолоодож холбогдох ажил, үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохтой холбогдсон харилцааг зохицуулах, хяналт тавихад оршино.
1.2. Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгохтой холбогдсон харилцааг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх бөгөөд холбогдох тайлан, судалгааг улирал, хагас, бүтэн жилээр гаргаж автотээврийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийг мэдээллээр хангана.

Хоёр. Мэргэшсэн жолоочийн шалгалт авах

2.1. Мэргэшсэн жолоочийн шалгалтыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилогдсон мэргэжлийн шалгалтын комисс /цаашид "комисс" гэх/ зохион байгуулж авна.
Комиссын бүрэлдэхүүнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд автотээвэр, барилга замын машины инженер, хөдөө аж ахуйн инженер механик, инженер багш, эрх зүйч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, бакалавраас доошгүй зэрэгтэй мэргэшсэн инженер хүнийг оруулна.
2.2.  Мэргэшсэн жолоочийн шалгалтанд орох этгээд дараах материалыг бүрдүүлсэн байна.
2.2.1. автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх;
2.2.2. сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт /энэ журмын 2.5.1 ба 2.5.2-д заасан тохиолдолд хамаарахгүй/;
2.2.3. эрүүл мэндийн тодорхойлолт.
2.3. Мэргэшсэн жолоочийн шалгалтыг онолын болон жолоодлогын гэсэн 2 шатлалаар авна.
2.4. Онолын шалгалтыг "Хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүй" болон "Техникийн мэдлэг-засвар үйлчилгээ" хичээлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан шалгалтын материал бүхий 40 асуулттай тестээр 45 минутад багтааж авна.
2.5. Дараах тохиолдолд зөвхөн онолын шалгалтыг 20 асуулттай тестээр 25 минутад багтааж авна.
2.5.1. Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу мэргэшсэн жолооч болохоор хүсэлт гаргасан этгээдээс;
2.5.2. мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацааг сунгуулах бол;
2.5.3. өмнө нь мэргэшсэн жолооч болсон этгээд мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол.
2.6. Онолын шалгалтыг цахим, эсхүл бичгийн хэлбэрээр авах бөгөөд бүх хариултын 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан бол тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдоно.
2.7. Онолын шалгалтыг эхэлж өгөх бөгөөд түүнд тэнцээгүй бол жолоодлогын шалгалтанд оруулахгүй.
2.8. Жолоодлогын шалгалтыг В/ВE/, С/СE/, D/DE/ ангилалд тухайн ангиллын автотээврийн хэрэгсэл дээр, харин ВС/ВСE/, BD/BDE/, CD/CDE/ болон BCD /BCDE/ ангилалд зөвхөн дэвших ангиллын автотээврийн хэрэгсэл дээр авна. Шалгалт авах автотээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байна.
2.9. Жолоодлогын шалгалтыг авахдаа тусгайлан бэлтгэсэн жолоодлогын талбай /автодром/-д сонсогчоор тухайн ангилалд хамаарах, "ЖОЛООДЛОГО-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА" хичээлийн хөтөлбөрт заасан үйлдлийг гүйцэтгүүлнэ.
2.10. Дараах зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд жолоодлогын шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэнд тооцно:
2.10.1. Жолоодлогын шалгалтын талбайд байрлуулсан хязгаарлагч шонг мөргөх, шүргэх байдлаар унагаасан;
2.10.2. Шалгалт өгөх үед тухайн үйлдлийг анхны оролдлогоор гүйцэтгэж чадаагүй;        
2.10.3. Туннель, зогсоолд ухрах үйлдлийг гүйцэтгэхдээ дутуу зогссон, аль нэг тал руу нь хэт шахсан;
2.10.4. Тогтоосон хугацаанд үйлдлийг хийж дуусгаагүй;
2.10.5. Автотээврийн хэрэгсэлд шарвалт үүссэн үед тогтворжуулж чадаагүй.
2.11. Онолын шалгалтанд тэнцсэн сонсогч жолоодлогын шалгалтыг 6 сарын хугацаанд өгөөгүй бол тэнцсэн шалгалтын дүнг хүчингүйд тооцно.
2.12. Тухайн сонсогч аль нэг шалгалтанд тэнцээгүй бол дахин шалгалтанд орох, өөрийн дутуу мэдлэг, чадварыг гүйцээж эзэмших боломж нь сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаанд нээлттэй байх бөгөөд энэ хугацаанд шалгалтанд хэдэн ч удаа орж болно. Харин энэ хугацаанд шалгалтанд тэнцээгүй бол сургалтанд дахин хамрагдана.
2.13. Мэргэшсэн жолоочийн шалгалтанд тэнцсэн сонсогч бүрээр комиссын тогтоол гаргана.

Гурав. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, бүртгэл хөтлөх

3.1. Дараах материалыг бүрдүүлсэн этгээдэд мэргэшсэн жолоочийн үнэмлэх бичиж олгоно.
3.1.1. эрүүл мэндийн тодорхойлолт;
3.1.2. сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт /энэ журмын 2.5.1, 2.5.2-д заасан тохиолдолд хамаарахгүй/;
3.1.3. 4x6 хэмжээтэй өнгөт гэрэл зураг- 2ш;
3.1.4. мэргэшсэн жолоочийн шалгалт өгч тэнцсэн тухай комиссын тогтоол;
3.1.5. үнэмлэхний үнэ тушаасан санхүүгийн баримт.
3.2. Гэнэтийн аюул /гал түймэр, үер г.м/-ын улмаас мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн бол Онцгой байдлын албаны тодорхойлолтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөж олгоно.
3.3. Энэхүү журмын 3.2-д зааснаас бусад тохиолдлоор мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн бол зарлуулж хүчингүйд тооцуулсан баримтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөж олгоно. 
3.4. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хүчинтэй хугацаа 5 жил байх бөгөөд хугацааг 5 жил тутамд сунгана. Үнэмлэхний хугацааг дараалсан гурван 5 жилд амжилттай сунгуулсан тохиолдолд цаашид хугацаагүйгээр олгоно. 
3.5. Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөний улмаас автотээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд мэргэшсэн жолоочийн үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцох, тээвэрлэлт гүйцэтгэхийг хориглоно.
3.6. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн тодорхойлолтыг эзэнд нь буюу итгэмжлэл бүхий хүнд биеийн байцаалт болох бичиг баримтыг шалган үзэж, гарын үсэг зуруулан он, сар, өдрийг тэмдэглэж олгоно.
3.7. Мэргэшсэн жолоочийн бүртгэлийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх шинээр олгосон, мэргэшил дээшлүүлсэн, үнэмлэх нөхөн олгосон байдлаар төрөлжүүлэн бүртгэж тухай бүр мэдээллийн санд оруулах бөгөөд шалгалтын болон бусад үндсэн материалыг архивын журмын дагуу хадгална.
3.8. Сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт, комиссын тогтоол болон мэргэшсэн жолоочийн шалгалт авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, бүртгэл хөтлөх баримтын загварыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
3.9. Аж ахуйн нэгж, байгууллагын албан бичгээр илэрхийлсэн хүсэлт, хувь хүний бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн мэргэшсэн жолоочтой холбогдсон асуудлаар лавлагаа гаргаж өгнө.
 

Дөрөв. Автотээврийн хэрэгсэл жолоодох гадаад орны үнэмлэхтэй этгээдэд Монгол Улсын мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох

4.1. Автотээврийн хэрэгсэл жолоодох гадаад орны үнэмлэхтэй этгээд нь тухайн ангиллын мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахын тулд зохих журмын дагуу тэр ангиллын автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эхлээд авсан байвал зохино.
4.2. Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын мэргэшсэн жолоочийн үнэмлэх шинээр авахыг хүсвэл ердийн журмаар шийдвэрлэнэ.
4.3. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгосон тухай бүртгэл хөтөлж, тухай бүр мэдээллийн санд оруулах бөгөөд холбогдох баримтыг архивын журмын дагуу хадгална.

Тав. Бусад зүйл

5.1. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь жолоочтой холбогдсон мэдээллийг ямар ч үед саадгүй солилцох чиглэлээр Замын цагдаагийн газартай хамтран ажиллана.
5.2. Энэхүү журмын мөрдөлттэй холбогдсон гомдол, маргааныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүлээн авч шийдвэрлэнэ.