ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

2 Механикжсан тээврийн хэрэгслийн ангилал

2.1. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна:

        A-мотоцикл;

        B-жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        C-“D” ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        D-жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        BE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “B” ангиллын автомашин;

        CE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “C” ангиллын автомашин;

        DE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “D” ангиллын автомашин болон угсраа автобус, угсраа троллейбус;

        M-трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.

2.2. “C”, “D”, “CE”, “DE” ангиллын тээврийн хэрэгслийг дор дурдсанаар дэд ангилна:

        C1-бүх жин нь 7500 кг-аас илүүгүй “C” ангиллын автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        D1-жолоочоос гадна арван зургаагаас илүүгүй хүний суудалтай “D” ангиллын автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

        C1E-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “C1” дэд ангиллын автомашин;

        D1E-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “D1” дэд ангиллын автомашин.

2.3. “A”, “B”, “C”, “M” ангилал болон “C1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найм, “D” ангилал болон “D1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорин нэгээс дээш насны хүнд олгоно.

2.4. “BE”, “CE”, “DE” ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрхийг тухайн харгалзах “B”, “C”, “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүнд, түүнчлэн “C1E”, “D1E” дэд ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрхийг тухайн харгалзах “C”, “D” ангилал буюу “C1”, “D1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүнд олгоно.

2.5. “C”, “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүн нь тухайн харгалзах “C1”, “D1” дэд ангиллын тээврийн хэрэгслийг, мөн “CE”, “DE” ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрх бүхий хүн нь тухайн харгалзах “C1E”, “D1E” дэд ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнийг жолоодох эрхтэй байна.

2.6. Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгоно.