ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

12 Тээврийн хэрэгслийн хурд

12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.

12.5. Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна:

        а/ автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км;

        б/ мотоцикл, чиргүүлтэй автомашин суурин газрын гадна цагт 60 км, тууш замд цагт 80 км;

        в/ хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх үед цагт 50 км;

        г/ механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км;

        д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км.

12.6. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:

        а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх;

        б/ хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед холбогдох журам, стандарт, техникийн баримт бичгээр тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх;

        в/ «Хурдны хязгаар» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх;

        г/ шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах;
        д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.