ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

19 Хорооллын доторхи хөдөлгөөн

19.1. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.

19.2. Хорооллын дотор жолоодлогын дадлага хийх, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоох, мөн хашаа, гарааш болон нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин болон трактор, өөрөө явдаг машин механизмыг удаан зогсоохыг хориглоно.

19.3. Хорооллын доторх зорчих хэсгийг жолооч дамжин өнгөрөх зорилгоор ашиглахыг хориглоно.

19.4. Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.

19.5. Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө.