Print this chapter

МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

Хоёр. Мэргэшсэн жолоочийн шалгалт авах

2.1. Мэргэшсэн жолоочийн шалгалтыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилогдсон мэргэжлийн шалгалтын комисс /цаашид "комисс" гэх/ зохион байгуулж авна.
Комиссын бүрэлдэхүүнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд автотээвэр, барилга замын машины инженер, хөдөө аж ахуйн инженер механик, инженер багш, эрх зүйч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, бакалавраас доошгүй зэрэгтэй мэргэшсэн инженер хүнийг оруулна.
2.2.  Мэргэшсэн жолоочийн шалгалтанд орох этгээд дараах материалыг бүрдүүлсэн байна.
2.2.1. автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх;
2.2.2. сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт /энэ журмын 2.5.1 ба 2.5.2-д заасан тохиолдолд хамаарахгүй/;
2.2.3. эрүүл мэндийн тодорхойлолт.
2.3. Мэргэшсэн жолоочийн шалгалтыг онолын болон жолоодлогын гэсэн 2 шатлалаар авна.
2.4. Онолын шалгалтыг "Хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүй" болон "Техникийн мэдлэг-засвар үйлчилгээ" хичээлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан шалгалтын материал бүхий 40 асуулттай тестээр 45 минутад багтааж авна.
2.5. Дараах тохиолдолд зөвхөн онолын шалгалтыг 20 асуулттай тестээр 25 минутад багтааж авна.
2.5.1. Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу мэргэшсэн жолооч болохоор хүсэлт гаргасан этгээдээс;
2.5.2. мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацааг сунгуулах бол;
2.5.3. өмнө нь мэргэшсэн жолооч болсон этгээд мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол.
2.6. Онолын шалгалтыг цахим, эсхүл бичгийн хэлбэрээр авах бөгөөд бүх хариултын 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан бол тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдоно.
2.7. Онолын шалгалтыг эхэлж өгөх бөгөөд түүнд тэнцээгүй бол жолоодлогын шалгалтанд оруулахгүй.
2.8. Жолоодлогын шалгалтыг В/ВE/, С/СE/, D/DE/ ангилалд тухайн ангиллын автотээврийн хэрэгсэл дээр, харин ВС/ВСE/, BD/BDE/, CD/CDE/ болон BCD /BCDE/ ангилалд зөвхөн дэвших ангиллын автотээврийн хэрэгсэл дээр авна. Шалгалт авах автотээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байна.
2.9. Жолоодлогын шалгалтыг авахдаа тусгайлан бэлтгэсэн жолоодлогын талбай /автодром/-д сонсогчоор тухайн ангилалд хамаарах, "ЖОЛООДЛОГО-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА" хичээлийн хөтөлбөрт заасан үйлдлийг гүйцэтгүүлнэ.
2.10. Дараах зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд жолоодлогын шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэнд тооцно:
2.10.1. Жолоодлогын шалгалтын талбайд байрлуулсан хязгаарлагч шонг мөргөх, шүргэх байдлаар унагаасан;
2.10.2. Шалгалт өгөх үед тухайн үйлдлийг анхны оролдлогоор гүйцэтгэж чадаагүй;        
2.10.3. Туннель, зогсоолд ухрах үйлдлийг гүйцэтгэхдээ дутуу зогссон, аль нэг тал руу нь хэт шахсан;
2.10.4. Тогтоосон хугацаанд үйлдлийг хийж дуусгаагүй;
2.10.5. Автотээврийн хэрэгсэлд шарвалт үүссэн үед тогтворжуулж чадаагүй.
2.11. Онолын шалгалтанд тэнцсэн сонсогч жолоодлогын шалгалтыг 6 сарын хугацаанд өгөөгүй бол тэнцсэн шалгалтын дүнг хүчингүйд тооцно.
2.12. Тухайн сонсогч аль нэг шалгалтанд тэнцээгүй бол дахин шалгалтанд орох, өөрийн дутуу мэдлэг, чадварыг гүйцээж эзэмших боломж нь сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаанд нээлттэй байх бөгөөд энэ хугацаанд шалгалтанд хэдэн ч удаа орж болно. Харин энэ хугацаанд шалгалтанд тэнцээгүй бол сургалтанд дахин хамрагдана.
2.13. Мэргэшсэн жолоочийн шалгалтанд тэнцсэн сонсогч бүрээр комиссын тогтоол гаргана.